Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Байгаль орчныг хамгаалах асуудалд Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


Байгаль орчныг хамгаалах асуудалд

Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо[1]

 

 

Байгаль орчныг хамгаалах буюу байгаль орчны бохирдолтоос үүдэн хүний эрх зөрчигдөх асуудал нь нийтийн эрх ашигт хамаарах ойлголт юм. Тиймээс энэхүү тулгамдсан асуудалд Захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоо ямар байгаа, ямар байвал зохимжтой вэ гэдэгт энэхүү илтгэл анхаарлаа хандуулсан болно.

 

Захиргааны хэргийн шүүх:

 

2002 оны 12 дугаар сарын 26 –ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль батлагдаж, 2004 оны 06 дугаар сарын 01 –ний өдрөөс Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус буюу дур зоргын үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой болсон.

Түүнчлэн 2010 оны 12 дугаар сарын 31 –ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдаж, 2011 оны 04 дүгээр сарын 01 –ний өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Ингэснээр захиргааны хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа буюу анхан шатны журмаар аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхүүд,  давж заалдах шатны журмаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны журмаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Захиргааны хяналтын тогтолцоог зөвхөн захиргааны өөрийн бүтэц, дотоод хяналтад найдаж хариуцуулах боломжгүйд хүрсэн тул захиргааны үйл ажиллагаанд шүүхийн хяналтыг бий болгох, улмаар түүгээр дамжуулан нээлттэй, хариуцлагатай захиргааг төлөвшүүлэх шаардлагатай болсон.

Ийнхүү дагнасан шүүх байгуулагдаж нийтийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг хянадаг болсноор тэдгээр байгууллагуудад “гаргаж буй шийдвэрийнх нь хууль зүйн үндэслэл болоод процессын ажиллагааг хянах” чиг үүрэг бүхий хууль зүйн мэргэжилтэн, хууль зүйн хэлтэс, алба байгуулагдан ажиллаж эхэлсэн нь бас ч үгүй тодорхой дэвшил болсон гэж үзэж байна. Тухайлбал, газрын алба, татварын байгууллагууд, Засгийн газрын зарим агентлагууд.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах иргэн, хуулийн этгээдийн тоо жилээс жилд өсч байгаа ба цаашид ч өсөх хандлагатай байна.

Үүний дотор хүрээлэн буй орчин, газар, түүний хэвлийн ашиглалт, ашигт малтмал хайх, олборлох зэрэг үйл ажиллагаанаас улбаалсан захиргааны хэрэг маргаан ч багтаж байгаа.

2004-2011 оны хооронд улсын хэмжээнд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн “Ашигт малтмалтай холбоотой маргаан” –ны судалгаа:

Д/Д

Он

НЗХШ

21 аймгийн ЗХШ нийлбэр дүн

Нийт дүн

1.     

2004

6

-

6

2.     

2005

15

4

19

3.     

2006

25

3

28

4.     

2007

44

6

50

5.     

2008

56

6

62

6.     

2009

59

2

61

7.     

2010

71

5

76

8.     

2011

84

2

86

9.     

Нийт

360

28

388

 

Хэдийгээр Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 8 гаруй жил үйл ажиллагаа явуулж, төлөвшиж байгаа боловч Хариуцлагатай захиргааг бий болгох зорилго “тодорхой хэрэг дээр” хангадах боловч харин өргөн утгаараа энэ зорилго хангагдахгүй байна. Учир нь захиргааны байгууллагын албан тушаалтны шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс хууль зөрчсөн гэдгийг тогтоож хүчингүй болгосон байхад дахин алдаатай шийдвэрийг удаа дараа гаргаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа нь захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй маргааны төрөл, тоо баримтаас харагдаж байна.

 

Байгаль орчныг хамгаалах чиг үүрэг:

 

Энэ нь дан ганц байгаль хамгаалагч эсхүл байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын үүрэг төдий бус нийгмийн харилцааны бүхий л оролцогчдод хамааралтай, түүний дотор шүүх байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгтэй уялдах нь зүйн хэрэг юм.

Шүүхийн зорилго бол дан ганц “зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” бус хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол “зөрчигдөж болзошгүй” тохиолдолд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Харин өдгөө “шүүхэд мэдүүлэх” буюу аливаа асуудлаар шүүхэд маргах (нэхэмжлэл гаргах) эрхийг хуульчлан томьеолохдоо “зөрчигдсөн эрхийг сэргээх” гэдэгт нь илүү ач холбогдол өгөөд “зөрчигдөж болзошгүйд хүрсэн” эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар шүүхэд хэрхэн мэдүүлэх нь төдийлөн тодорхой хуульчлагдахгүй байна.

Өөрөөр хэлбэл: Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” –ийг зөрчигдсөны дараа сэргээн тогтоох бус зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой байна.

 

 

Нэхэмжлэх гаргах эрхийн тухайд:

 

Монгол Улсын үндсэн хуулиар: “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол” /6§/, ”нийгмийн ашиг сонирхол”,” өөрсдийн (хүний) ашиг сонирхол” ,”хүүхдийн ашиг сонирхол” /16§/, “улсын ашиг сонирхол” /23§/ гэсэн хууль ёсны ашиг сонирхлын олон төрлийг хуульчилжээ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах зэрэг нь “нэг этгээдийн субьектив эрх, ашиг сонирхол” гэхээс илүү нийтлэг ашиг сонирхолыг түлхүү илэрхийлэх ба үүнээс “нийтийн эрх ашиг” гэх ойлголтыг тодруулах шаардлага урган гарна.

 “Нийт” гэж хэнийг үзэж байгаагаас хамаарч бид “нийтийн эрх ашиг” –ын тухай ярих, түүнийг тодорхойлох, улмаар хэрхэн яаж зөрчигдөхөөс сэргийлэх тухай ярих боломжтой болно. Иймд “нийтийн ашиг сонирхлыг нийгмийн тодорхой бүлгийн оршин тогтнох, хөгжих нөхцөл баталгааг хангах зорилгоор төрөөс хүлээн зөвшөөрөгдөж, эрх зүйгээр хангагдаж байгаа түгээмэл ашиг сонирхол гэж” тодорхойлж[2] болохоор байна.

Уг нь захиргаа биднийг буюу “нийтийг төлөөлж” нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргах ёстой атал тийм биш байгаа тул бид өнөөдөр тодорхой тохиолдол дээр нийтийн эрх ашгийг хамгаалах оновчтой арга хэрэглэх буюу нийтийн эрх ашгийг шүүхийн журмаар нэхэмжлэн хамгаалах тухай ярьж байна.

Монгол улсад нийтийн ашиг сонирхолыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал огт байхгүй биш бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Байгаль орчин, түүний баялгийг  хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг  хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх  бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах”  эрхтэй гэсэн заалтыг шинээр оруулсан.

Хуулийн энэхүү шинэ заалт нь орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах зэргээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, улмаар нийтийн эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагаанд чамгүй дэвшил боловч  “байгаль орчин бохирдох, байгалийн тэнцэл алдагдах үйл явц нь зөрчигдсөн эрх, ашиг сонирхлийг сэргээх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаас илүү хурдтай үргэлжилж буй” өнөө үед хангалтай арга хэрэгсэл болж чадахгүй байгаа юм.

Нэхэмжлэл гаргах, маргах эрхийг хязгаарлаж буй үндэслэл нь процессын хууль гэсэн тайлбар олонтаа тохиолддог тул энэ асуудлыг лавшруулан авч үзэх нь чухал болов уу. Тухайлбал, “байгаль орчинд учирсан хохирлыг гагцхүү Засаг дарга нэхэмжлэх; орон нутгийн тусгай хамгаалалттай газарт, малчдын эрх ашгийг зөрчиж, өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн газартай нь давхардуулан олгогдсон ашигт малтмалын лицензийг цуцлуулахад зөвхөн тухайн захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдсөн субъект л нэхэмжлэл гаргаж болох гэх мэт өрөөсгөл зохицуулалт МУ-д үйлчилж байгаа” гэх мэт[3].

Иймд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” –ийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд шүүхэд мэдүүлэх эрх хязгаарлагдмал байгаа байдлын талаар судалж, дүгнэлт хийх нь зүйтэй болоод байна.

Өдгөө манай улсад захиргааны хэргийн шүүх “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг[4] хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Үүнээс үзвэл захиргааны хэргийн шүүх:

1 –рт “Эрх”

2 –рт “Хууль ёсны ашиг сонирхол” зөрчигдсөн тухай нэхэмжлэлд үндэслэн, захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэх боломжтой.

Энэ талаар тодорхой хэргийн жишээн дээр дүн шинжилгээ хийхийг оролдьё: С.Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг.

 

----------------------------------------------------------------------------------------------------------

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 130 дугаар захирамжийн “Туул ривэр контри сайд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Маргаан бүхий захирамжийн тухай: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 130 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр,  байрлах 50 га газрыг  “аялал жуулчлал, гольфийн тайлбайн зориулалтаар” ашиглах эрхийг 10 жилийн хугацаатайгаар  “Туул ривэр контрисайд” ХХК-д олгосон.

I.              Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

1.     Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн нөөц бүхий талбайд газар ашиглах эрх олгосон.

2.     МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүлийн 2-т заасан иргэн С.Эрдэнэ миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн.

3.     Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 2007 оны Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 га гэж тусгагдсан хэмжээнээс илүүгээр газар ашиглах эрх олгосон.

Хариуцагчийн тайлбарын үндэслэл:

1.      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т (Дүүргийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох эрхтэй)

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргааныг шийдвэрлэсэн үндэслэл:

1.     Баянзүрх дүүргийн Засаг дарга нь эрх, мэдлээ хэтрүүлэн  “Туул ривэр контрисайд” ХХК-д 50 га газар ашиглах эрх олгож,  Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.1 –д (Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна) гэж заасныг зөрчсөн.

2.   Баянзүрх дүүргийн Засаг дарга Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн нөөц бүхий талбайд газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх тухай Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчимтай нийцээгүй буюу маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

II.       Асуудал:

1.            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдээс “захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий захирамжийн улмаас С.Эрдэнийн  субъекитив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үндэслэл бүрдэнэ.

Маргаан  бүхий захирамжийн улмаас С.Эрдэнийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол тэр дундаа түүний ямар субъекив эрх зөрчигдсөн, захирамжийн улмаас  түүнд ямар бодит хохирол учирсан, захирамж нь С.Эрдэнийн эрх хууль ёсны ашиг сонирхолтой хэрхэн яаж холбогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Шүүхээс нэхэмжлэгч С.Эрдэнийн субъекив эрх хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүйн учир нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдээс “захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх ....” -ээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргана” гэж заасныг үндэслэл болгон, маргааны  зүйл болох газартай нэхэмжлэгч С.Эрдэнийн оршин амьдардаг газар нь бүхэлдээ буюу ямар нэг хэсгээр давхцаагүй зэрэг маргааны нөхцөл байдлаас үзвэл С.Эрдэнийн  субъекитив эрх зөрчигдсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Шийдвэрлэх асуудал:

Төрөөс нийтийн ашиг сонирхолыг хамгаалж, нийтээр дагаж мөрдөх засагласан шийдвэр гаргадаг ба энэ нь нийтийн ашиг сонирхолыг зөрчихгүй байх ёстой. Гэтэл төрийн байгууллагын албан тушаалтнаас тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа нийтийн ашиг сонирхолыг зөрчсөн байдаг буюу дээрх тохиолдлоос үзвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Улаанбаатар хотын хүн амын ундны усны төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн нөөц бүхий талбайд газар ашиглах эрх олгож “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд харшилсаншийдвэр гаргасан байна.

 Үүнээс үндэслэн нийтийн ашиг сонирхолыг хамгаалах ёстой байгууллагаас тодорхой бүрэн эрхээ ашиглаж нийтийн ашиг сонирхолд харшилсан шийдвэр гарвал түүнийг хэн таслан зогсоож, хэрхэн сэргээн эдлүүлэх вэ гэдэг асуудал тулгарна.

Нийтийн ашиг сонирхолыг захиргааны хэргийн шүүх хамгаалах ёстой юу.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “захиргааны хууль бус акт” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэн хуулийн этгээдийн нэхэмжлэлд үндэслэн хянадаг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд  уг шийдвэр нь  “нийтийн ашиг сонирхолд харшилсан” эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймээс “нийтийн ашиг сонирхолд харшилсан шийдвэр” гэсэн үндэслэлээр захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байх төрийн захиргааны байгууллагаас гаргасан олон нийтэд чиглэгдсэн шийдвэрүүдийг бусад шийдвэрүүдээс ялгаж зааглах  үндэслэл, шаардлагыг тодорхойлох нь чухал юм.

-------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Эерэг болон сөрөг баримтад жишээ

 

Жишээ: “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд “усны сан бүхий газар” болох голын “урсац, голдирол” –ын хэсэг багтаж улмаар Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог Онги гол, түүний цутгал голуудын ай савын газарт хүний аж ахуйн ба инженерийн үйл ажиллагаа түүний дотор ашигт малтмалын олборлолт, ашиглалт явагдснаас Онги гол тасарч, түүнээс нөөцөө авдаг нуур ширгэж, байгалийн тэнцэл алдагдаж, эдгээр орон нутагт оршин суугчдын удны ус, малын бэлчээр, усалгааны нөөц хомсдож, цаашид бүр мөсөн тасалдаж эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүйд хүрэхээр байна”.

Дээрх байдлаас үзэхэд иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдсөн тухай бус зөрчигдөж болзошгүй тухай байна. Дурьдсан жишээтэй холбоотой хуулийн зохицуулалт:

Үндсэн Хуулийн 19 дүгээр зүйлийн 1 –т “төрөөс хүний эрхийг хангахуйц баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” –ийг эдлэх баталгааг зохицуулсан байна.

16 дугаар зүйлийн 14 –т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөг нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах”;

 Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 –т “усны эх ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтооно, ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”,

31.5 –т “мөрөн, гол, усны эх үүсвэр, усны сав газрыг … орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна”,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 –т “сум өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно”,

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 –д орон нутгийн тусгай хэрэгцээний газарт “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”,

26 дугаар зүйлийн 26.3.4 –т ашиглалтын тусгай зөвшөөрөл “хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээнд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхцсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзанагэж тус тус заасан.

 

Тйимээс бэлчээр, усны нөөцийг хэмнэх, бэлчээр, усны нөөц, чанарыг хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах” зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан “усны сан болох голын урсац, голдирол бүхий” газарт нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаар байгальд хор хохирол учирч улмаар иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” зөрчигдөх бөгөөд шүүх энэ тохиолдолд эрх зөрчигдсөныг нотлохын тулд заавал “хүний амь нас эрсдэх” зэрэг хор хохирол учирсан байхыг шаардахгүй ба шүүх хууль зөрчсөн холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, үйл ажиллагааг таслан зогсоох байдлаар хор уршиг учрахаас сэргийлж, иргэний “байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг хангах боломжтой.

 

Гадаад орнуудын  туршлагын тухай:

Судалгаанаас үзвэл ихэнх тохиолдолд гадаад улсуудын шүүх маргаж буй захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэл гаргагчийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаар наад захын шалтгаант холбоо байхыг шаарддаг нийтийн эрх ашгийн тухай нэхэмжлэл гаргах зохицуулалт нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд дагаж мөрддөг хуульд тусгагдаагүй байх юм. Энэ тухай Хүний эрх хөгжил төв ТББ –аас 2011 онд эрхлэн гаргасан “Нийтийн эрх ашгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй болгох нь” бодлогын баримт бичигээс дэлгэрүүлж үзэх боломжтой тул энд давталгүй орхив.

Байгаль орчныг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах нээлттэй эрхийг дэмждэг 1992 оны Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн тунхаглал, Байгаль орчинд хохирол учруулсан үйл ажиллагааны иргэний хариуцлагын талаарх 1993 оны конвенц болон Аархусын конвенц зэрэг олон улсын баримт бичгүүд байдаг.

Япон Улсын жишээн дээр тайлбарлах:

 

 

Санал, дүгнэлт:

 

1. Манай улсад захиргааны байгууллагын үйл ажиллагааг ерөнхийд нь журамласан материаллаг хууль өнөөдрийг хүртэл батлагдан гарч амжаагүй, хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Захиргааны үйл ажиллагааны тухай ерөнхий хууль батлагдан гарснаар захиргааны хэргийн шүүхийн хяналт бүрэн хэрэгжих, Засгийн газрын байгууллагуудын шийдвэр гаргах ажил цэгцрэх, стандартчилагдах боломжтой болж, мөн иргэний оролцоо, хяналтыг захиргааны шийдвэр гаргах үйл явцад бодитой болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход туслах эрх зүйн үндэс тавигдах юм. Тиймээс энэ хуульд “байгаль орчинд нөлөөлөх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах болон байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхүүдэд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргахад (жишээ нь ашигт малтмалын хайгуулийн болон тусгай зөвшөөрөл олгох гэх мэт) иргэдийн болон байгаль орчны шинээчдийн оролцоо, дүгнэлтийг үндэслэх тусгай журам тогтоож өгөх саналтай байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.1.1 болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалын тэнцэлийн алдагдахаас хамгаалуулах эрх хөндөгдөх эсхүл байгаль орчин сүйтэж болзошгүй” тохиолдолд маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэхийг хориглоно гэсэн, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан[5] шийдвэрийн биелэлтийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад түдгэлзүүлэхгүй”, “байгаль орчин сүйтэж буй асуудлаар хийсэн хяналт шалгалтын үр дүнд гарсан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхгүй” гэсэн агуулга, зохицуулалт бүхий нэмэлт өөрчлөлт оруулах.

3. Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад Захиргааны хэргийн шүүх байгуулсны үр шимийг бүрэн ашиглах буюу “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн судалгаа” –г байгаль орчныг хамгаалах талаарх захиргааны бодлого тодорхойлоход ашиглах.

4. Захиргааны өөрийн хариуцлагын механизм нь ажиллахгүй байгаа тул Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг “захиргааг хариуцлагажуулах” арга болгох: Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж шийдвэр гаргадаг албан тушаалтанд захиргааны хэргийн шүүхээс дээд шатны захиргааны байгууллага, эсхүл түүнийг томилдог албан тушаалтнаас ирүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг үндэслэн захиргааны хариуцлага оногдуулдаг байх. Энэ захиргаанаас байгаль орчинд сөрөг нөлөөтэй алдаатай шийдвэр гаргах явдлыг багасгах, иргэдийн “эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” зөрчигдөхөөс сэргийлэх ач холбогдолтой.

5. Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргах үйл явц дахь олон нийтийн оролцоо, шүүхээр хамгаалуулах боломжийн тухай конвенци буюу Аархусын конвенцид нэгдэн орох, ингэснээр нэхэмжлэл гаргах эрхийн хязгаарлагдамал байдалд олон улсын эрх зүйд хэрэглэгдэж буй уян хатан зохицуулалтыг үндэсний хууль тогтоомж болон шүүхийн практикт хэрэглэхэд дөхөм болох.

6. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг “уул уурхайн өөрийн мэргэжилтнүүдтэй, санхүүгийн чадвартай (нөхөн сэргээлт), техник хэрэгслэлтэй, тогвортой үйл ажиллагаатай, мэргэжлийн” хуулийн этгээдэд олгох, улмаар уг хуулийн этгээд нь бүхий л хугацаанд “дээрх шаардлагыг бүрэн хангаж” байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байх, өөрөө тусгай зөвшөөрөл авчаад өөр бусдаар “хайгуулын эсхүл ашиглалтын” үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хийлгэдэг байдлыг хязгаарлах байх зэрэг өөрчлөлтийг хуульд нь тусгах.

7. Чухал гэж дэвшүүлж буй санал: Нэхэмжлэл гаргах эрх (буюу маргах эрх) –ийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн 2 өөр төрөл хуульчлагдсан байгааг практик хэрэглээнд хүлээн зөвшөөрөх, ингэснээр (1) “эрх зөрчигдсөн” хэмээн нэхэмжлэл гаргаж буй үед шүүхээс нэхэмжлэл гаргах эрхийг шалгахад хэрэглэгддэг нөхцөл, шаардлагууд (хатуу нөхцөлтэй буюу зөрчигдсөн гэх эрх болон захиргааны акт 2 –ын шууд холбоо, шууд хор хохирол шаарддаг) –ыг (2) “хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх” гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гарсан тохиолдолд хэрэглэхгүй байх.

Ингэвэл өнөө цагт байгаль орчныг хамгаалах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, сэргээн тогтоолгох ажилд гол бэрхшээл болоод байгаа нэхэмжлэл гаргах эрхийн хязгаарлагдмал байдал бүрэн өөрчлөгдөх боломжтой болно гэж үзэж байна.

 

 

 

Ц.Цогт

2012.10.26

 

 

 

Ашигласан материал:

 

1. О.Зандраа, “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах асуудал” илтгэл, “Нийтийн эрх ашгийг  шүүхээр нэхэмжлэн хамгаалах нь” Олон улсын хурал, Улаанбаатар, 2012.04.26-27.

2. Хүний эрх хөгжил төв ТББ, “Байгаль орчны асуудлаар шийдвэр гаргахад олон нийтийн оролцоо” судалгааны тайлан, 2011 он. http://chrd.org.mn

3. The UNECE Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters (The Aarhus Convention). http://www.unece.org

4. Ц.Цогт, “Захиргааны шинэтгэл ба Захиргааны хэргийн шүүх” Хүний эрх сэтгүүл, 2012/01.

5. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн Цахим сан. http://judgment.admincourt.gov.mn

6. Хүний эрх хөгжил төв ТББ, “Нийтийн эрх ашгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй болгох нь” бодлогын баримт бичиг, 2011 он. http://chrd.org.mn

 


[1] Шихихутуг Хууль зүйн дээд сургуулийн зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд зориулсан илтгэл

[2] О.Зандраа

[3] Хүний эрх, хөгжил төв ТББ –ын судалгаа

[4] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт

[5] нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд “бэлчээр, усны нөөцийг хэмнэх, бэлчээр, усны нөөц, чанарыг хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах” зорилгоор өөрийн эрх хэмжээний хүрээнд, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, “ундны ус” –аар гачигдах, байгалийн тэнцэл алдагдах зэрэг тулгамдсан эрсдлийг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа.

1862 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax