Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Захиргааны хэргийн шүүх: Шүүхийн шийдвэрт гомдол гаргах хязгаарлалт
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


                  Энэхүү өгүүлэлд захиргааны хэрэгт дээд шатны шүүхүүдэд давж заалдах гомдол[1] гаргахад ямар шалгуурууд тавигддаг тухай хэд хэдэн улс орны жишээн дээр өгүүлнэ. Товчхондоо, Герман, Англи зэрэг улсуудын хувьд давж заалдах гомдолд нэлээн боловсронгуй шалгуурыг тавьж анхан шатны шүүхийн энгийн, онц үр дагаваргүй алдааны төлөө тэр бүр давж заалдах гомдол гаргахыг зөвшөөрдөггүй.

Харин Оросын холбооны улс Япон зэрэг зарим орнуудын хувьд эхний давж заалдах гомдолд ямар нэгэн үр нөлөө бүхий ялгаж, салгаж болохуйц шалгуурыг тавьдаггүй боловч 2 дахь давж заалдах гомдолд (Монгол улстай жишвэл хяналтын шатны гомдолд) тодорхой шалгуурыг тавьдаг.

Дээрх тохиолдлуудын эсрэгээр Франц, Польш (Польш улсын талаар энэ өгүүлэлд дэлгэрэнгүй тайлбарлаагүй) улсад давж заалдах болон хяналтын шатанд гаргасан гомдолд ямар нэгэн шалгуур, хязгаарлалтыг огт тавьдаггүй, өөрөөр хэлбэл бараг бүхий л төрлийн алдааг үндэслэн давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байдаг.

 

      I.        Герман

 

Герман улс бол захиргааны хэргийн дагнасан шүүхийн тогтолцоотой бөгөөд тус шүүхийн үйл ажиллагаа нь Захиргааны шүүхийн процессын хуулиар зохицуулагддаг. Герман улсын хувьд дараах 2 төрлийн гомдол гаргахыг зөвшөөрдөг. Нэгдүгээрт, “маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар аль алинд нь”, хоёрдугаарт “зөвхөн хууль хэрэглээний асуудлаар” гэсэн гомдлыг гаргаж болно.

Герман улсын Захиргааны шүүхийн процессын хуулиар давж заалдах гомдолд нэлээд боловсронгуй шаардлагыг шалгуур болгон заасан байдаг. Хамгийн гол үндсэн шалгуур нь “ноцтой алдаа” гарсан (дараах өгүүлбэрүүдэд тод хараар бичсэн нөхцөл байдлууд нь ноцтой алдаа гэдэгт хамаарна) гэж үзэж байгаа тохиолдолд эсвэл процессын алдаа гарсан тохиолдолд давж заалдах гомдол гаргахыг зөвшөөрдөг. Түүнчлэн дээд шатны шүүхийнхээ өмнөх ижил төрлийн шийдлээс илтэд зөрүүтэй тохиолдолд гомдол гаргах эрхийг хангасан байдаг.

Дээр дурдсан хоёр төрлийн давж заалдах гомдлын Нэг дэх нь буюу үйл баримт болон хууль хэрэглээний талаар аль алинд гомдол гаргаж байгаа бол дараах нөхцөлүүд тавигддаг. Үүнд: (1) шүүхийн шийдвэрийг зөв гэдэгт эргэлзэх маш ноцтой эргэлзээ байгаа тохиолдолд, (2) тухайн хэрэг нь үйл баримтын болоод хууль зүйн онцгой ээдрээ төвөгтэй байвал гэсэн тохиолдолд гомдол гаргахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг нь үйл баримтын болон хууль хэрэглээний хувьд онцлог, төвөгтэй байхыг шаардана.

(3) тухайн хэрэг, хэлэлцэгдэж байгаа маргаан нь үндсэн суурь чухал ач холбогдолтой асуудлыг хөндөж байгаа тохиолдолд, (4) анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой дээд шатны шүүхийн (жишээ нь: захиргааны хэргийн дээд шүүх) ижил төрлийн шийдвэрээс илтэд зөрүүтэй, эсвэл дээрх жишиг болох шийдвэрийн дүгнэлт, гаргалгаанаас илтэд зөрүүтэй дүгнэлтэд үндэслэсэн,

(5) алдаатай процессын буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийдвэр гэж үзвэл гомдол гаргахыг зөвшөөрдөг байна.

 

Харин 2 дахь төрлийн буюу “зөвхөн хууль хэрэглээний” асуудалд гарч буй гомдлын хувьд дараах тохиолдлуудын аль нэг нь байгаа нөхцөлд энэ гомдлыг гаргахыг зөвшөөрдөг. Үүнд: “(1) тухайн хэрэг нийгмийн суурь тулгуур асуудлыг хөндөж буй тохиолдолд, (2), дээд шатны шүүхийн ижил төрлийн шийдлүүдээс илтэд зөрүүтэй, эсхүл илтэд зөрүүтэй дүгнэлтэд суурилсан байвал, (3) процессын зөрчилд үндэслэж шийдвэр гарсан гэсэн тохиолдолд хууль хэрэглээний асуудлаар гарсан гомдлыг зөвшөөрдөг.

 

    II.        Англи

 

Англи болон Уэльсийн хувьд захиргааны хэрэг маргаан нь (1) дагнасан маргаан таслан шийдвэрлэх байгууллагууд (Анхан шатны маргаан таслах газар, мөн түүний Дээд шатны маргаан таслах газар шийдвэрлэх ба эдгээр байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргадаг) болон (2) Захиргааны хэргийн шүүх (шийдвэрийг нь Давж заалдах шатны шүүх хянадаг)-ийн харьяалалд хамаардаг.

Дээд шүүх нь давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг хянадаг. Ерөнхийдөө, зөвхөн хууль хэрэглээний асуудлаар эсвэл процессын ажиллагааны маш ноцтой зөрчил гарсан гэж үзэж байгаа бол давж заалдах гомдол гаргахыг зөвшөөрдөг. Гэхдээ дээрх 2 нөхцөл байгаа гэж гомдол гаргагч үзсэн бөгөөд шүүх нь гомдлыг хүлээн авч хянахыг зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрх нь хангагддаг ажээ. Тухайн хэргийн хувьд зөвхөн гомдол нь хангагдах өндөр магадлалтай тохиолдолд шүүхээс давж заалдах журмаар хянахыг зөвшөөрдөг байна.

Зарим хоёр дахь шатны (буюу Монголтой жишвэл хяналтын шатны) гомдлын хувьд уг гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зөвшөөрөл нь дээр дурьдсан нөхцөлөөс гадна, тухайн маргаан зарчмын хувьд маш чухал асуудалтай холбоотой юм уу эсвэл өөр бусад чухал асуудлыг хөндөж байгаа тохиолдолд зөвшөөрөгддөг. Өөрөөр хэлбэл, хэрэг болгон дээр гомдол гаргахыг зөвшөөрдөггүй.

Давж заалдах шатны шүүхүүд нь гомдлыг хүлээж авч шийдвэрлэх эсэх асуудлаар сонгох эрхтэй байдаг. Энэ нь “гомдол гарсан л бол заавал хянах үүрэгтэй байдаг” зохицуулалт бүхий улс орнуудын жишээний эсрэг тохиолдол буюу ямар гомдлыг авч хянан шийдвэрлэх талаар “шүүх өөрөө сонгох эрхтэй” гэсэн агуулга юм. Нэгдсэн вант улстай адилхан, АНУ болоод бусад ихэнх далайн эрх зүйн тогтолцоотой улсуудын хувьд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг сая дурдсан “сонгох эрх”-ийг зохицуулалттайгаар журмалсан байдаг. Нэг үгээр хэлбэл, аль гомдлыг авч шийдвэрлэх вэ гэдгийг сонгох эрх давж заалдах шатны шүүхүүдэд өөрсдөд нь олгогдсон байдаг.

Энэхүү сонгох эрхийг хэрэгжүүлэхдээ тогтсон нарийн шалгуураар гомдлыг авах эсэхийг шиййддэг. Түүнчлэн эдгээр улсуудад хууль, бодлого боловсруулах түвшиндөө “захиргааны байгууллагууд нь (шүүхийн зүгээс зайлшгүй оролцож залруулах шаардлагатайгаас бусад) тодорхой хэмжээний алдаатай шийдвэр гаргах тохиолдол” байж болохыг харгалзсан байдаг. Тодруулбал, зайлшгүй хөндлөнгөөс оролцож залруулах шаардлагатай, алдаа нь үр дагавар бүхий тохиолдолд л шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

 

   III.        Оросын холбооны улс

 

Оросын холбооны улс нь захиргааны хэргийн шүүхийн дагнасан тогтолцоогүй, түүний оронд захиргааны хэрэг маргааныг арбитрын шүүх эсвэл ерөнхий харьяаллын шүүхүүд хянан шийдвэрлэдэг. Захиргааны хэрэг маргаан нь эдийн засгийн буюу худалдааны чиглэлийн асуудлаас үүссэн байвал арбитрын шүүхээр шийдвэрлэгддэг. Тус улсын хувьд (1) “хүчин төгөлдөр болоогүй байгаа шүүхийн шийдвэрт”, (2) “хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт” гомдол гаргах гэсэн 2 төрөлтэй (Монголтой жишвэл давж заалдах гомдол). Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг “cassation appeal” гэж нэрлэдэг байна.

Дээрх гомдлоос гадна эцсийн шатны шүүхэд гаргах гомдол гэж байх ба үүнийг “nadzor” гэж нэрлэдэг. Арбитрын хэргийн хувьд “Арбитрын дээд шүүх” –д хянагддаг, нөгөө талаас ерөнхий харьяаллын шүүхүүдийн эцсийн шатны шүүх болох “Дээд шүүх” –д гаргадаг гомдол “nadzor” ажээ. Захиргааны хэрэгт давж заалдах гомдол гаргах журам нь бусад хэргүүдэд баримталдаг ерөнхий журамтай ижил зохицуулалттай.

Давж заалдах гомдлын хувьд шалгуур буюу стандарт нь хөнгөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэр болон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт гаргадаг хоёр гомдлын хувьд гомдол гаргагч нь энгийн байдлаар буюу “тухайн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон маргааны үйл баримт, тухайн хэрэгт хамааралтай хууль, хууль зүйн бусад эрхийн актуудыг зөв хэрэглэж, зөв үнэлсэн эсэхийг болон шүүхийн шийдвэрийн хуульд нийцсэн байдлыг хянаж өгөхийг шаардсан” байвал гомдол гаргах эрх хангадана. (Энэ талаар Арбитрын процессын хуулийн 260(2)(3), 277(2)(4)-т заасан байдаг.)

Хэдий тийм боловч эцсийн буюу “nadzor” гомдолд тавигдах шалгуур өндөр байдаг. Тодруулбал, гомдол гаргагч нь шүүхийн шийдвэрийг эцсийн шатаар хянуулахын тулд дараах нөхцөлийг тодорхойлсон байхыг шаарддаг. Үүнд: (1) арбитрын шүүхээс эрх зүйн хэм хэмжээг тайлбарласан буюу хэрэглэсэнтэй нийцээгүй, (2) хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлийг тодорхой гаргасан байх, (3) нийтийн ашиг сонирхлыг эсвэл эсвэл тодорхойгүй тооны хүмүүсийн эрх болон хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэсэн үндэслэлүүд хамаардаг байна (Арбитрын процессын хуулийн 294(2)(3), 304 дүгээр зүйлд заасан). Харин практикт, эцсийн шатны шүүхүүдэд гаргах гомдол нь дээрх шалгууруудыг хангасан эсэхийг болон уг гомдлыг авч шийдвэрлэх эсэх талаар хяналтын шатны шүүх нь нилээдгүй өргөн сонгох эрх хэмжээтэй байдаг ажээ.

 

  IV.        Япон

 

Япон улсад тусдаа захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо байдаггүй бөгөөд захиргааны хэргийг ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэгддэг: Тогтолцоог нь авч үзвэл анхан шатны шүүхийг дүүргийн шүүх гэж нэрлэдэг. Дүүргийн шүүхээс гарсан шийдвэр нь давж заалдах шатны шүүхэд хянагдаж, Дээд шүүх нь давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрийг хянадаг эцсийн шатны шүүх байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний процессын хууль болон Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хуулиудад заасны дагуу явагддаг.

Эдгээр хуулиудын зохицуулалтаас үзвэл, эхний гомдол буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хувьд төдийлөн тодорхой шалгуур тавигдаагүй болох нь харагдана. Тухайн гомдол гаргах үедээ үндэслэлээ заавал тодорхойлон заасан байхыг шаардахгүй харин гомдлоо гаргаснаас хойш хэдэн долоо хоногийн дараа тэрхүү шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ зааж өгөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд гомдол гаргана гэдгээ илэрхийлээд дараа нь гомдлын үндэслэлээ тодорхойлж болдог ажээ.

Хуулиас нь үзвэл давж заалдах гомдлыг ямар нэгэн тодорхой үндэслэлээр гаргах тухай шалгуур байхгүй. Түүнчлэн гомдол нь зөвхөн хууль хэрэглээний асуудлаар бус мөн маргааны үйл баримтын талаар байж болно. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүх нь маргааны үйл баримтыг үнэлж дүгнэх үүрэгтэй гэдэг утгаараа анхан шатны шүүхтэйгээ төстэй.

Харин Дээд шүүхэд гаргадаг эцсийн шатны гомдлын хувьд дээрхээс өөр журам хэрэгждэг. Энэхүү гомдол нь нэлээд хатуу шалгууруудыг хангасан байх ёстой. Гагцхүү Үндсэн хууль зөрчигдсөн гэх нөхцөл эсвэл доод шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу процесс нь Иргэний процессын хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдлыг зөвшөөрдөг. Үүнээс гадна, хууль болон эрх зүйн бусад хэм хэмжээ тогтоосон актын бүтэц, уялдаатай холбоотой ихээхэн чухал асуудлыг хөндсөн хэрэг байна гэж үзвэл Дээд шүүх сонгох эрхийн дагуу тодорхой хэрэгт хяналтын шатны гомдлыг авч шийдвэрлэдэг байна.

 

 

 

Англи хэлнээс орчуулсан Ц.Цогт

[1] Энэ өгүүллэгт “давж заалдах гомдол” гэсэн нэр томьёог дээд шатны шүүхүүдэд гаргасан бүх гомдол (манай улсын жишээгээр бол давж заалдах болон хяналтын гомдлын) гэдэг утгаар хэрэглэсэн байна

2166 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2014-10-22 -

Бичсэн: Зочин

heregtei medeelel ogsond bayarlala

. Шууд холбоос

2013-05-05 -

Бичсэн: Bazar

ih chuhal medeelel bna heregtey ch zuil bna bayrlalaa bagsh!

. Шууд холбоос





:-)
 
xaax