Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Захиргааны ерөнхий хууль батлагдвал пост-социалист орнуудаас хамгийн түрүүнд, мөн Ази тивд Японы дараа ийм хуультай улс болно
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө



Өмгөөлөгч сэтгүүл 2014 он, №04 /63/

Хууль төрөхийн өмнө булан

ЗХДЗШатны шүүхийн шүүгч Ц.Цогт:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Ямар онцлогтой юм бэ?

Монгол улсад 2002 оны 12-р сарын 28-нд захиргааны эрх зүйн хөгжилд их чухал хоёр хууль батлагдсан. Нэг нь Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай, нөгөө нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХХШ  тухай гэх/ юм. Хэдийгээр энэ хоёр хууль 2002 оны 12-р сарын 28-нд батлагдсан боловч хэрэгжилт нь 2004 оны 6-р сарын 1-нээс эхэлсэн. Дээрх хоёр жилийн хугацаанд Захиргааны хэргийн шүүх байгуулах, ЗХХШ тухай хуулийн хэрэгжилтэнд бэлтгэх хугацаа байсан. Уг хуулийн онцлог нь хэдийгээр иргэний хууль, эрүүгийн хууль гэдэг шиг нэгдсэн материаллаг хууль байхгүй хэдий ч Захиргааны эсрэг хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх түүнийг нь шийдэх тэр процессыг зохицуулж өгсөн. ЗХХШ тухай хууль нь бараг бүхэлдээ зөвхөн шүүхийн процессыг зохицуулсан хууль байсан. Хэрвээ хүн захиргааны байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргавал шүүх яаж шийдэх юм гэх зэрэг. Гэхдээ энэ хуулийн 1-12-р зүйл хүртэлх цөөхөн хэдэн заалтанд Монгол Улсад одоо хэр нь байхгүй, энэ шинээр гаргах гэж буй хуулиар зохицуулж өгөх гээд байгаа Захиргааны Ерөнхий Хууль /цаашид ЗЕХ гэх/-ийн маш суурь ганц нэг зохицуулалтыг агуулсан байсан. Энэхүү 1-12-р зүйлийн хооронд жишээлбэл: Захиргаа гэж юуг ойлгох вэ? Захиргааны албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ? Захиргааны маргааныг шүүхээс өмнө захиргааны байгууллага дотооддоо яаж урьдчилж, шийдэж болох вэ? Захиргаанд тэр боломжийг ямар байдлаар олгох вэ? Захиргааны шийдвэрт яаж гомдол гаргах вэ? зэрэг ерөнхий зүйлийг 1-12-ын хооронд зохицуулж өгсөн байсан.

Энэ утгаараа ЗХХШ тухай хууль нь дан ганц процессын буюу хууль хянан шийдвэрлэх хууль бас байгаагүй юм. Хэдий цөөхөн зүйл заалт ч гэсэн захиргаа болон захиргааны актын талаар тусгасан энэ хэдэн зохицуулалт өнгөрсөн 10 жилийн хугацаанд буюу 2004-2014 оны хооронд өнөөдөр ЗЕХ батлагдан гарахын босгон дээр маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед бүх зүйл шинэ байсан хэдий ч Монгол улс 1992 оноос хойш Захиргааны шинэчлэл, шинэ Үндсэн хуулийн үзэл зарчимд нийцүүлэн захиргааны шинэтгэл хийгдэн хуулиуд батлагдаж байсан.

-       Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэгг хянан шийдвэрлэх тухай хууль тус тусдаа хэрэгжинэ гэж ойлгож болох уу? Энэ талаар тодруулж өгнө үү?

-       Жишээлбэл: “Засгийн газрын тухай хууль”, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”, ”Төсвийн хууль” гээд энэ бүгд захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг хуулиуд юм. Энэ хуулиудыг шат шаттайгаар гаргасаар эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд 1992-2002 оны хооронд захиргааны эрх зүйн зохицуулалт бүхий зөндөө хуулиуд гарлаа. Зарим хуулиудыг дахин шинэчилж, шинэчлэн найруулга хийлээ. Хамгийн гол нь нийтлэг суурь хууль дутуу, зохицуулалт, байсан. Энд тэнд л салбар салбарын хууль гаргаад байлаа. Жишээ нь: “Татварын хууль”, “Газрын хууль”, “Гаалийн хууль”-ийг аваад үзэхэд гурван өөр процесстой. Тухайн байгууллагынхаа үйл ажиллагааг зохицуулах процесс нь байгаа хэдий ч тэр байгууллагад хандаж байгаа иргэд маргаан гаргавал түүнийг өмгөөлж яваа өмгөөлөгч, хуульчдад 3 өөр процесс, 3 өөр ойлголт, нэгдсэн стандарт байхгүй явж ирсэн. Бидэнд нэгдсэн захиргааны ойлголт, суурь зарчмууд ихээхэн дутагдалтай байсан. Урьд нь бид зөвхөн захиргааны байгууллагын бүтэц, албан тушаалтан, эрх мэдлийг л голчлон судалдаг байсан. Үндсэн хууль батлагдсанаас хойшх 20 гаруй жилийн хугацаанд ч бас дутуу зүйлүүд их байсан. Одоо байгаа шинэ хандлага нь захиргааг дан ганц өөрийг нь судлах биш, захиргааны үйл ажиллагаанд өртдөг, үйлчилгээг хүлээж авдаг иргэд, олон нийтийг удирдан зохион байгуулахад чиглэгдсэн. Тэгэхээр захиргаа нийгмийн тодорхой салбарыг, нутаг дэвсгэрийг бүхэлд нь ч юмуу тодорхой хэсгийг, өөрийн хариуцсан чиглэлээр удирдан зохион байгуулж, нийгмийн үйл ажиллагааг ургашлуулах, гарч буй тохиолдлыг шийдвэрлэх зорилготой. Манай захиргааны эрх зүйн шинжлэх ухааны, хууль тогтоомжийг боловсронгуй болгох гол шинэ хандлага, шинэ хэрэгцээ бий болсон. Захиргааны үйл ажиллагаанд өртөж буй иргэнийг захиргаатай хамт эрх үүргийг нь судлах, үр дагаврыг нь харилцан хамааралд зохицуулах ийм хандлагатай хууль юм.  Тийм учраас Захиргааны эрх зүй ялангуяа захиргааны ерөнхий хууль шинээр гарч байгаатай холбогдуулаад нөгөө яриад байгаа ЗХХШ тухай хууль ч бас өөрчлөгдөнө.

-       Захиргааны ерөнхий хууль шинээр гарснаараа ямар онцлог, ач холбогдолтой вэ? Энэ талаар...

-       Захиргааны шинэ ерөнхий хууль гарснаар миний түрүүчийн ярьсанчлан ЗХХШ тухай хуулийн 1-12 дахь зүйл буюу тэр ерөнхий зохицуулалт өөрөө шинэ хууль болон дэлгэрээд ЗЕХ-ийн 100 гаруй зүйл, заалттай хууль болж гарна. Түүнээс гадна ЗХХШ тухай хууль нь Захиргааны хэргийг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хууль болж гарах юм. Өөрөөр хэлбэл зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх процессыг зохицуулсан хууль болж гарна гэсэн үг. ЗЕХ нь өөртөө захиргааны ерөнхий ойлголт, бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчмыг бүхэлд нь агуулна. Хамгийн гол нь иргэнтэй харилцаанд ордог захиргааны процессын  үйл ажиллагаа, хэлбэр, түүнд тавигдах шаардлага, шийдвэрийн хэрэгжилт, хариуцлага яаж хүлээх юм, захиргаа буруу зөв шийдвэр гаргалаа гэхэд иргэн гомдоход захиргаа урьдчилан яаж шийдвэрлэх боломжтой юм гэх зэрэг энэ бүх үйл ажиллагааг шинээр зохицуулах том, суурь, стандарт хууль болж гарах юм. ЗЕХ-ийг эрүү, иргэний хуулиудтай харьцуулж үзэх юм бол эдгээр хуулиудаас дутахааргүй, бүр нийтийн эрх зүйн салбарын суурь хууль гэдэг утгаараа энэ хоёроос ч илүү харилцааг зохицуулсан хууль гарна. Мэдээж анхны удаа гарч байгаа болохоор бидэнд цаашид боловсронгуй болгох, алдаа онооны юм ч гарахыг бас үгүйсгэхгүй. Уг хуулийг боловсронгуй болгон анх гаргаж ирэхэд нилээн хугацаа туулсан. ЗЕХ гээд бараг 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Энэ хууль хуульчдын дунд, шүүгчдийн дунд, эрдэмтдийн дунд, улс төрийн хүрээнийхний хувьд хүлээн зөвшөөрөгдөж байж, өнөөдөр батлагдан гарах хэмжээнд дөхөж очоод байгаа хэрэг. Маш олон талын хүсэл зоригууд нэгдсэний үндсэн дээр өнөөдөр ямар ч байсан хуулийн төсөл нь гарчихсан байна. Энэ төсөл гарахдаа хэдхэн хүний үзэл бодлоор гараагүй шүү. Өмнөх Засгийн Газрын үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Нямдорж гуайн үед нилээн том хүрээтэй ажлын хэсэг гаргаж, нэг хэсэг явсан. Сүүлд ажлын хэсэг хэт олон хүнтэй, явц төдийлэн сайнгүй байсан учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бага зэрэг өөрчилсөн. Тэр ажлын хэсэг дээр нэмэгдэж, шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт ЗЕХ-ийг гаргана гэсэн зүйл, заалтын дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин арай жаахан эрчимтэй байдлаар ажиллуулахаар өмнөх ажлын хэсгийн гол гол хүмүүсийг байлцуулан шинэчилж, ажлын хэсэг гаргасан. Захиргааны эрх зүй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Азийн сан, Ханнс Зайделийн сан, Дэлхийн Зөн зэрэг Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр, гадаадын байгууллагуудын төслийн санхүүжилтээр хот, хөдөөгийн иргэд, хуульчид, захиргааны ажилтнууд, захиргааны шүүхийнхэн зэрэг тусгайлан фокус группуудын дунд орон даяар хэлэлцүүлэг явуулж, тэдгээр хүмүүсийн саналыг авснаас гадна салбарын эрдэмтэд, захиргааны шүүгч нар, захиргааны эрх зүйн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг энэ хуулийн төсөл дээр сууж ажилласан. Энэ хуулийн үндсэн суурийг гаргаж ирэхэд ажилласан гол хүмүүсийг нэрлэх юм бол Германд доктор хамгаалсан, Удирдлагын академид олон жил багшилсан, Д.Сүнжид доктор байна. Одоо ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Мөн уг яманд олон жил ажилласан А.Сарангэрэл байна. Харин Цэцийн гишүүн Д.Ганзориг багш, П.Одгэрэл доктор л гэхэд манай урдаа барьдаг захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс яг одоо Захиргааны ерөнхий хуулийн үндсэн суурь төсөл дээр голлон ажиллаж байна. Түүнчлэн Нээлттэй нийгэм форумын ажилтан Б.Хишигсайхан, ХЗЯ-ны ЭЗШБГ-ын мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Ц.Ариунжаргал гэх мэт олон  мэргэжилтэнүүд багтсан. ЗЕХ-ийн төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн “Ухаалаг төр” бодлогын хүрээнд УИХ-д өргөн барих бэлтгэл ажил хангагдаад байж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг 2013 оны 12-р сард ХЗЯ-ны ажлын хэсэг Засгийн газарт өргөн барьж байсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа оруулсан боловч дэмжих хэмжээнд байж чадсангүй. Саяхан болтол 5-6 сар хүртэл Засгийн газар дээр хүлээгдсэн. Мэдээж Засгийн газар ажил ихтэй л байдаг байлгүй. Одоо харин Ерөнхийлөгч цааш нь өргөн баръя гэж байгаа учраас бид батлагдах байх гэж найдаж байгаа. Засгийн газар дээр ингэж их удав гэхээр цаана нь учир байгаа байх. Яагаад гэвэл бид Захиргааны ерөнхий хуулинд шинэ чухал зарчмыг оруулж өгсөн. Өмнө нь захиргааны байгууллагыг томъёолохдоо нэрийг нь заасан жагсаалтын зарчим гэж хэрэглэдэг байсан. Засгийн газар, Яам, Агентлаг, Сонгуулийн ерөнхий хороо, татварын байцаагч гэж тодорхой нэр заадаг байлаа. Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг маргаан гэдэг нь эрх мэдэлтнүүдийн шийдвэр, үйл ажиллагааг иргэдийн гомдлоор хянадаг гэдэг утгаараа нилээд их төвөгтэй, заримдаа халтай гэж хэлж болох процесс байсан. Ийм учраас өнгөрсөн 10 жилийн хугацааны туршлагаас харахад хууль тогтоох замаар зарим үед “тоосго сугалах” ч тохиолдол гарч байсан. Жишээ нь: ЗХХШ тухай хуулиар сонгуулийн ерөнхий хороог ч юмуу захиргааны шүүхэд хариуцагчаар нэрлээд заасан байхад хуулиар ч юмуу Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл гаргаад л Сонгуулийн ерөнхий хороог хасчихдаг. Ингэхээр Сонгуулийн ерөнхий хороо хариуцагч болохгүй болчих боломжтой байсан байхгүй юу. Тэгэхээр Засгийн газар ч юмуу хэн нэгэн захиргааны байгууллага шүүхэд дуудагдахвий гэсэн болгоомжлол тодорхой хэмжээнд байгаа. Бас ч гэж үлдсэн юм байна. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх ажлын явц удааширсан учраас ХЗЯ-наас төслийг шилжүүлж, бидний ойлгосноор Ерөнхийлөгч санаачлаад УИХ-д өргөн барих боломжтой болсон юм. Захиргааны ерөнхий хууль,  ЗХХШ тухай хуулинд энэ өөрчлөлтийн дараа заавал нэг этгээдийг нэр зааж, хариуцагч болохгүй нь байна шүү дээ. Нийгмийн хөгжлийн явцад хуулиар тодорхой захиргааны байгууллагыг шинээр байгуулчихдаг. Гэтэл нөгөө байгууллагын нэр нь захиргааны хуулин дотроо байхгүй байвал зарим хүмүүс бид хариуцагч болохгүй гээд маргах бололцоотой. Эсвэл түрүүнийх шиг “тоосго сугалах” зарчмаар сугалаад авчихдаг. Тэгэхээр би хариуцагч болохгүй гэдэг. Захиргааны ерөнхий хууль, ЗХХШ тухай хуулиудын гол зорилго бол хэдийгээр шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ч энэ нь шүүхийн хяналт биш, энэ бол хуулийн хяналт юм. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа өөрөө хуулийн хяналтанд байх ёстой. Тэгэхээр хуулийн хяналтыг л хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс энэ шинэ хуулинд ийм өөрчлөлтийг оруулж өгсөн хэрэг.  

-       Энэ хууль гарснаараа бусад хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?

-       Хэд хэдэн онцлогийг дурдаж хэлье. Энэ хууль гарснаараа хоёр талтай учраас бид балансыг нь барих гэж оролдож байна. Захиргаа нийгэмд хөдөлгүүр хүч, нийгмийг удирдан зохион байгуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, гарцыг зааж явах ёстой учраас захиргааны шийдвэр, үйл ажиллагаа өөрөө цаг хугацааны хувьд ч тэр, далайцын хувьд ч тэр урагшилж явах ёстой. Шийдвэр өөрөө хэрэгждэг, үр дагавар нь нийгэмд эерэгээр тусдаг байх ёстой. Зарим тохиолдолд ямар шүүмжлэл, асуудал байдаг гэхээр захиргааны шийдвэр, үйл ажиллагаа биелэгдэхгүй удаашрах явдал их гардаг. Ихэнх тохиолдолд хамгийн гол яригддаг сэдэв бол тендер байна. Тендер аваад юмаа хийх ёстой байтал нэг нөхөр өргөдөл гаргаснаас болж, шүүх дээр удааширч, цаашлаад тендер явахаа болиод зогсдог гэдэг. Зам нь баригдахаа больдог. Үүнээс болоод дараа жил энээ тэрээ гэсэн асуудал үүсч, яваандаа бие биенээ буруутгадаг тал бий. Шинэ хуулинд юу гэж тусгасан гэхээр захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хэрэгждэг байхыг анхаарсан зохицуулалтыг хийж өгсөн. Захиргааны шийдвэр, гүйцэтгэлийн үйл ажиллагаа, захиргааны хамтын ажиллагаа энэ зохицуулалтаар тусгалаа олсон гэж бодож байгаа. Дараагийн барих ёстой баланс бол захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хэрэгжих ёстой хэдий ч хэрвээ тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байж болзошгүй, хөндөх магадлалтай байгаа тохиолдолд энэ шийдвэр, үйл ажиллагаа хэрэгжиж биелэхээс өмнө эхлээд хянагдах ёстой. Тухайн захиргааны тодорхой нэг шийдвэрийн үйлчлэлд өртөх гээд байгаа этгээдэд захиргаа өөрийн шийдвэрийг гаргасан даруйдаа заавал мэдэгддэг байх ёстой гэдэг зарчмыг шинэ ЗЕХ-нд маш тодорхой оруулж өгсөн. Энэ бол тухайн хуулийн хамгийн гол дэвшил, онцлог тал юм. Үүнийг хэлэнгүүт чухал заалт гэдгийг өмгөөлөгч нар ойлгоно гэж бодож байна. Өмгөөлөгч, шүүгч , хуульч нар ч ялгаагүй бүгд адилхан. Захиргаа шийдвэр гаргачихаад тэр шийдвэрээ хөндөж байгаа, чиглэж байгаа этгээддээ мэдэгдэхгүй байх тохиолдол манай өнөөдрийн практикт их олон байдаг. Тэр хүн өөрийнх нь эрхийг зөрчсөн захиргааны актыг мэдэхгүй, магадгүй хэдэн жил ч явсан байж мэднэ. Гэнэт нэг өдөр л өөрийнх нь газрыг чөлөөлөх ч гэдэг юмуу янз бүрийн асуудал гарахаар мэддэг. Захиргаа гаргасан шийдвэрээ нөгөө этгээдэд хүргэдэггүй тал манай практикт бий. Зарим нэг ашигт малтмалын асуудал дээр мэдэгдэх үүргийг захиргааны байгууллагад бий болгосон. Зарим тохиолдолд хуулинд нь байгаад ч хэрэгжүүлдэггүй тал байдаг. Үүнийг захиргааны шинэ ерөнхий хуулинд хийж өгснөөр бүх дагавар, салбар хуулиуд энэ ерөнхий хууль дээр суурилж гараад явах юм. Шинэ ерөнхий хуулинд энэ мэдэгдэх зарчмыг амилуулж байгаа гол шалтгаан нь хэрвээ чи үйлчлэл нь сөргөөр ямар нэг байдлаар хандаж байгаа этгээдэд нь хуулинд заасан журмын дагуу актаа мэдэгдэж чадаагүй бол актын чинь үр дагавар хүчинтэй үйлчлэхгүй. Энэ бол их гоё. Энэ нь хуульчдад, хүний эрхийг хамгаалдаг, хөөцөлддөг, араас нь явдаг өмгөөлөгч нарт их чухал заалт гэж би бодож байгаа. Хэрвээ захиргаа чамд албан ёсоор мэдэгдэж чадаагүй бол захиргааны акт үйлчлэлгүй байна гэсэн үг. Шийдвэрээ мэдэгдээгүйгээ баталгаажуулж, баримтжуулах үүрэг нь захиргаанд өөрт нь байна. Хэрвээ захиргаа түүнийгээ нотолж чадахгүй бол хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. Захиргааны үйл ажиллагааг явуулахаасаа гадна давуу, эерэг, иргэнийхээ балансыг хангасан зохицуулалтуудыг бид чадлынхаа хирээр оруулж өгсөн. Хуулинд оруулахдаа хөгжингүй орнуудын жишээлбэл: Герман, Америк, Испани, Португали, Япон гээд захиргааны эрх зүй нилээд өндөр хөгжсөн хэд хэдэн улсуудын хуулийг нилээд сайн харсан. Харсан гэхээр үүнийг гадны хууль хуулсан гэж ойлгож болохгүй. Үүнийг нилээд хариуцлагатай хэлмээр санагдаж байна. Энэ хууль бол харьцангуй манай монголын хуульчдийн оюунаар бүтсэн, дээрээс нь дэвшилттэй олон улсын хуулиудыг харьцуулан судалсны үр дүнд гарч байгаа юм. Германд сургууль төгсөж боловсрол эзэмшсэн, герман хэлтэй доктор Д.Сүнжид, доктор П.Одгэрэл зэрэг хүмүүс  харьцуулан судлах, дэвшилтэд онол ойлголтыг хуулах биш ойлгож, монголын хөрсөнд буулгасан, өөрсдийнхөө оюун чадлаар бий болгосон төсөл юм. Мөн миний бие болон ганц нэг хүмүүс Англи, Америкийн хууль, эрх зүйн тогтолцоог судалж, тэндхийн ном уншсаны хэрэг юу билээ өөрсдийн зүгээс судалж, анхаарч харсан зүйлүүд ч бий. Бид олон улсын эрх зүйн агуулга, чиг хандлага, зөв дэвшилттэй санаануудыг олж харах ёстой. Захиргааны хэргийн шүүхийн 10 жилийн үйл ажиллагаанаас улббалсан туршлага ч энэ төсөлд тодорхой туссан. Тэр утгаараа энэ хуулийн төсөл боломжийн болсон. Мэдээж нийгэм, цаг үе өөрчлөгдөж байгаа юм чинь энэ хууль яваандаа илүү сайжрах ёстой, сайжрах нь ч гарцаагүй.

-       Нэмж хэлэхэд иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж тусгаж өгсөн нь шинэлэг ойлголт. Захиргаа иргэдэд та бууж болно, энд гэр байшингаа барьж болно, энд суурьшлийн бүс болох гэж байгаа гэдгээ албан ёсоор нотлоод, баримтжуулаад иргэнд зүй ёсны итгэл төрүүлчихсэн байгаа учраас иргэн тэр газарт хашаа бариад, амьдраад, үйл ажиллагаагаа явуулаад байж байтал дараа нь нэг дарга нь солигдохоор гүйж ирээд чи байх ёсгүй, нүү, чөлөөлнө гэх мэт хүндрэл учруулдаг нь байх ёсгүй зүйл. Захиргааны болон иргэдийн хууль ёсны итгэлүүдийг хамгаалах механизмыг бид шинэ хуулинд оруулж өгснийг дурдахад таатай байна. Мөн Захиргаа шийдвэрийг гаргасан мөртлөө яагаад ийм шийдвэр гаргасан үндэслэлээ шийдвэртээ ч тусгадаггүй, иргэндээ ч тайлбарладаггүй ийм байдал гардаг. Сүүлд маргаан гарахад аль аль тал нь шинээр юмнууд зохиож, хамж шимээд яриад байдаг. Эдгээр асуудлууд манай өмгөөлөгч нарт хүндрэлтэй тусдаг болов уу гэж боддог. Үүнийг таслан зогсоох, ер нь захиргааг өөрийг нь хариуцлагажуулах, гарч байгаа шийдвэрээ үндэслэлтэй юман дээр тулгуурлаж анхнаасаа гаргадаг болгох зорилгоор бид хуулийн төсөл дээр ажилласан. Жишээ нь: Захиргаа шийдвэр гаргахдаа тодорхой нөхцөл байдлаа үнэлж шинжлэн судлаад баримтан дээр тулгуурлаж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Гаргах болсон үндэслэл шийдвэртэй зааж байж, захиргааг өөрийг нь хариуцлагажуулсан маш олон зохицуулалтуудыг хийж өгснөөрөө давуу талтай. Захиргааны актыг өөрийг нь эерэг болон сөрөг үйлчлэлтэй акт гэж ангилаад, хэрвээ сөрөг үйлчлэлтэй захиргааны акт юмуу, эерэг үйлчлэлтэй захиргааны акт гаргачихаад түүнийгээ чи хэдий хугацааны дараа чи өөрөө түүнийг хүчингүй болгож болохыг хүртэл зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн эрх зүйн практикт тулгарч байгаа нэг асуудал бол Улаанбаатар хотын газар зохион байгууллалттай холбоотой асуудал байна шүү ээ, үүнтэй ижил нөхцөлд ямар заричм баримтлахыг шинэ хуулийн төсөлд зохицуулалтууд оруулж өгсөн. Улаанбаатар хотын газрын менежмент үнэхээр дампуу байсан нь үнэн. Үүнд шинэ зохицуулалт, шинэ хандлага, шинэ үйл ажиллагаа хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ шинээр хийхдээ өмнөх захиргаа нь хүнд итгэл төрүүлээд, тэр хүн л хууль бус юм хийж уг эрхийг олж аваагүй тохиолдолд захиргааны шийдвэр хүчин төгөлдөр үйлчилдэг байх ёстой. Захиргааны шийдвэрт тухайн иргэн хүн итгээд 5-10 жил болсон, тухайн газартаа байшин, барилга барьсан, хөрөнгө оруулалт хийсэн, суурьшсан тохиолдолд анхнаасаа энэ нь буруу шийдвэр байжээ, олгох ёсгүй газар олгосон байжээ гэж шийдвэр гаргахдаа захиргаа хэдийгээр тийм шийдвэр гаргах эрхтэй ч нөгөө өмнөх шийдвэрийн дагуу аль хэзээний үр дагавар үүссэн тохиолдолд эерэг, сөрөг үйлчлэлтэй захиргааны актаар зохицуулж шийдвэрлэхийг зааж өгсөн. Захиргааны Ерөнхий Хууль нь захиргааны эрх зүйн чиглэлийн өмгөөлөгч, судлаач, шүүхийн шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэмэр болох болов уу? Яваандаа захиргаа өөрөө тэр хуулинд нийцүүлж салбарын хуулиуд гарах, захиргааны шийдвэр, үйл ажиллагаагаа оновчтой явуулдаг болох цаг ирнэ гэж бодож байна.

-       Захиргааны хуулинд захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын үйл ажиллагааны ямар зохицуулалтууд байна вэ?

-       Захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас заримдаа хүмүүст хохирол учирдаг. Тэр хохирлыг яаж шийдэх ёстой вэ? Бас нэг чухал зүйлийг би бүр тусгайлан хэлье гэж бодож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд захиргааны үйл ажиллагаанд Захиргааны шүүх байгуулагдсанаар эерэг үр дагавар гарч ирсэн. Тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирсон иргэний эрх сэргэсэн. Зарим тохиолдолд ухаантай, боломжийн менежменттэй хүмүүс шийдвэр, үйл ажиллагаагаа эргэн харж, шүүхийн шийдвэрээс өөрсдийн алдаа, оноог залруулах нөхцөл байдаг болсон. Гэхдээ дутуу явж ирсэн зүйл бол захиргааг хариуцлагажуулах явдал юм. Ялангуяа тухайн захиргааны байгууллагаас маш олон төрлийн буруу шийдвэр гаргаад, тэр нь шүүхээр ороод хүчингүй болоход захиргааны албан тушаалтан эргээд л нөгөө буруу шийдвэрээ гаргаад сууж байдаг тохиолдол их гардаг. Захиргааны шинэ ерөнхий хуулинд энэ байдлыг тусгахдаа захиргаанд хүлээлгэх хариуцлагыг бид тодорхой болгож өгсөн. Магадгүй энэ нь уг хуулийн төслийг захиргааны байгууллагууд дээд хэмжээндээ зөвшөөрөхгүй, УИХ –д өргөн барих ажлыг дэмжихгүй байгаагийн нэг шалтгаан болж байгааг бас үгүйсгэхгүй. Шинэ ерөнхий хуулиар нэг хэрэг дээр биш, нийтлэг утгаар захиргааг хариуцлагажуулахад энэ хууль хэрэг болох ёстой. Олон дахин удаа хууль бусаар ийм шийдвэр гаргаад байгаа бол тэр захиргааны албан тушаалтан нэгдүгээрт, тэр гаргасан хохирлыг төр хариуцах хэдий боловч төр заавал захиргааны албан тушаалтанөөр гүйцэлдүүлж, тэр хүмүүст хариуцлага хүлээлгэдэг байх болно. Жишээ авъя л даа. Өмнө нь захиргааны ажилтнууд буруу хүнийг ажлаас халчихдаг. Шүүхээр яваад цаад хүний хохирол доод тал нь 3 сая, 5 сая төгрөг гарахаар төрөөс л гаргачихдаг. Нөгөө буруу шийдвэр гаргаж ажлаас халсан нөхрөөс өөрөөс нь ер гаргадаггүй. Тийм учраас тэр албан тушаалтан нөгөө хүнийг ахиад ажлаас халчихдаг. Бас хоёр жил явуулж, шүүхээс 3 сая төгрөг нэхэмжлэхэд дахиад төрийн мөнгөнөөс гаргадаг тохиолдол цөөнгүй гардаг. Харин буруу шийдвэр гаргасан хүн өөрөө төлдөггүй. Буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас заавал гаргуулах ажлыг зохион байгуулахаар шинэ хуулинд зааж өгсөн. Төсвийн мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан гэдэг утгаараа төсвийн хөрөнгөнд хяналт тавих ёстой төрийн аудит үүнийг хянана гэдэг тодорхой зохицуулалтууд хийж өгсөн байгаа. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн нийгмийн харилцаанд гарах нөлөөлөл, үр дүн сайнаар гарах нь дамжиггүй.     

-       Захиргааны шинэ ерөнхий хуулийн төслийн талаар хоёулаа багагүй ярилцлаа. Танд нэмж ярихаар зүйл байвал сүүлийн асуултыг танд өөрт тань үлдээж байна?

-       Эцэст нь хэлэхэд хуульч, өмгөөлөгч, шүүгч нар ч ялгаа байхгүй. Манай захиргааны эрх зүй сонирхдог хуульч, ялангуяа хүний эрхийг хамгаалдаг өмгөөлөгчдийн хувьд захиргааны хууль тодорхой байх тусам өмгөөлөгчдийн ажлаа хийх боломж нь өөрөө тодорхой болно. Заримдаа захиргааны үйл ажиллагаа гэдэг хоорондоо их уялдаа хамааралтай байдаг. Тийм учраас түрүүний ярьдаг захиргаа өөрөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй юмуу эсвэл нэг иргэн тэтгэвэр, тэтгэмж авахаар нийгмийн халамж руу очиход нийгмийн даатгалд оч гэдэг ч юмуу хоорондоо хий дэмий явуулаад байдаг асуудлыг Захиргааны шинэ ерөнхий хуулинд тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны шинэ ерөнхий хуулинд аль түрүүлж, хүлээн авсан захиргааны байгууллага нөгөө байгууллагатайгаа харилцаж, иргэний асуудлыг хялбар шийдэж өгөх, эсвэл дангаараа шийдэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд харилцан туслалцах ёстой зэрэг эерэг хандлагуудыг оруулж өгсөн байгаа. Ер нь захиргаа нийгэмд зөвхөн акт гаргаад, тушаагаад, шийдээд, захирамжлаад байдаг энэ үйл ажиллагааны арга хэлбэрээр нийгмийг удирддаг цаг үе хоцорчихлоо, өнгөрчихлөө гэдгийг харуулж байгаа юм л даа. Зохицуулалт хийж байгаа хүнтэйгээ, иргэнтэйгээ, хуулийн этгээдүүдтэйгээ хамтын ажиллагааны хэлбэр буюу захиргааны гэрээ байгуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломж гэж байна. Тэгээд ч хамтын ажиллагааны энэхүү арга хэлбэрийг шинэ хуулинд заагаад өгчихлөө. Тиймээс Захиргааны шинэ ерөнхий хууль энэ асуудлаар хөөцөлдөж, хууль зүйн гаргалгаа гаргадаг өмгөөлөгч нарт маань их эерэг дөхөм болох болов уу. Тийм ч учраас би өмгөөлөгч нарыг тус хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлах үйл ажиллагааг дэмжих, хэрэгжүүлэх үйл явц, сургалтанд идэвхтэй оролцох, сайтар судлаж, хууль зүйн практик өөрийнхөө өмгөөллийн үйл ажиллагаанд эерэг эх сурвалж болгож ашиглаасай гэж хүсч байна.

--о0о--

1320 уншигдсан.