Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө


Ц.Цогт: Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш
2013 оны 9 сарын 2
Хоёр өдрийн дараа Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал болно. Уг хурлын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа.

-Хуульчдын холбооны анхдугаар их хурал танай салбарынхныг нэлээд хөдөлгөөнд оруулав бололтой. Ингэж цугласных өмнө нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан олон асуудлыг сөхөж ярих биз?


-Урьд нь иргэдийн зүгээс ямар шүүмжлэл гардаг байсан бэ гэвэл нэгдүгээрт шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гээд хуулийн байгууллагууд бүхэлдээ хаалттай байна гэдэг байсан. Хаалттай гэдэг нь дотроо хоёр янз. Нэгдүгээрт хүмүүст үйлчлэх тал дээрээ хаалттай. Хэн юу яриад, хөөцөлдөж буй хэрэг нь хаана яваа нь мэдэгддэггүй. Хоёрдугаарт тэр байгууллагад орж ажиллах нөхцөл, боловсон хүчний бүрдэл нь өөрөө хаалттай байна гэж. Мэдээж энэ хоёрыг хоёуланг нь задлах, иргэдэд нээлттэй болгох ажлыг хийж байгаа. Иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ нээлттэй, ил тод болгох ажлыг бол байгууллага байгууллага дээрээ хийх ёстой. Шүүх нь шүүхийнхээ нээлттэй байдлыг жишээ нь яаж бий болгох вэ, хүмүүст яаж үйл ажиллагаагаа хялбар дөтөөр хүргэх вэ гэдгээ шийднэ. Хоёрдугаарт энэ байгууллагад орж, ажиллах нөхцөл боломжийг нээлттэй, өрсөлдөөнтэй болгох ажлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбоогоор дамжуулж хийх юм.

Дээр нь энэ салбарыг сууриар нь дэмжих, иргэдийн энэ шүүмжлэлийг алсуураар нь залруулах нэг арга нь хуулийн сургуулиудад тавигдаж байгаа шаардлагыг өөрчлөх явдал. Тийм учраас Хуульчдын холбоо хуулийн сургуулиудын магадлан итгэмжлэлийг өөртөө авч байгаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтраад. Өөрөөр хэлбэл, хуулийн сургуулиуд төгсөгчиддөө яг хуульч хүнд хэрэгтэй хүнтэй ажиллах, хууль хэрэглэх чадварыг суулгаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг Хуульчдын холбоо өөрөө шалгадаг, шалгуурыг нь гаргадаг, сургалтын хөтөлбөр, багш нарынх нь ур чадварт анхаарал тавьдаг болно. Яагаад гэвэл хуулийн сургууль төгсч байгаа хүмүүсийн 90 хувь нь хүнтэй ажилладаг мэргэжилтэн болно шүү дээ. Тиймээс одоогийнх шиг хууль цээжилдэг, онол уншдаг байгаад хангалтгүй.

Арай нэг жаахан бодитой гэдэг юм уу, шууд хэрэгжих боломжтой, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар холбооны үүрэг функцид хийж өгсөн зүйл бол хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудал.

-Иргэд хуулийн байгуулага шударга бус байна гэдэг. Түүнийг ямар хэмжүүр, ямар үндэслэлээр гаргаж яриад байна вэ?

-Шударга бус байна гэдэг хоёр шалтгаантай. Нэгдүгээрт тэр хүн мэдлэг чадвар дутуугаас буруу шийдвэр гаргаад, бусдын хохироогоод байж болно. Өөрөө бол шударга ажиллаж байна гэж бодож байвч гаргаж байгаа шийдвэрт нь өөрийнх нь мэдлэг, чадвар хүрэхгүй учраас болоод нөгөө хүнд бол шударга бус л санагдана шүү дээ. Нөгөө талаас угаасаа санаатайгаар, бусдын нөлөөнд орох юм уу, тодорхой сонирхлоор хандаж, шударга бус байдал гаргадаг. Урьд нь үүнийг шийдэх үүрэгтэй байгууллага байгаагүй биш, байсан. Тухайлбал, Шүүхийн сахилгын хороо байна. Гэвч шүүгчийн асуудлыг сахилгын хороонд нь тавихаар шүүгч нь шүүгчээ хамгаалаад үлддэг. Прокурорын тухай прокурорын сахилгын хороонд гомдол гаргахаар прокурор нь бас прокуророо хамгаалаад үлддэг. Үүнийг өөрчлөхийн тулд Хуульчдын холбоонд энэ эрхийг өгч байгаа.

-Шүүгч, прокурор, өмгөөлөгчид бүгдээрээ нэг “малгай” дор орлоо гэсэн үг үү?

-Хуульч гэдэг “малгай” дор ерөнхийдөө гурван хүн л байгаа шүү дээ. Өмгөөлөгч, шүүгч, прокурор, дээр нь бусад хуульчид. Бусад хуульчид гэдэгт шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачид, хуульч багш нарыг хамаатуулж байгаа. Энэ бүх хүмүүсийн ёс зүйн асуудлыг аль алинаас нь оролцоотой мэргэжлийн баг бүрдэж, иргэдийн гомдлыг хэлэлцэн шийдэх юм. Зөвхөн иргэдийн гомдол гэлтгүйгээр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргавал шүүгч асуудлыг нь тавьдаг, шүүгчийн мэргэжлийн алдаа, ёс зүйн асуудлаар өмгөөлөгч гомдол гаргадаг болно. Харилцан бие биенийхээ мэргэжлийн хариуцлагыг хянах боломж бүрдэж байгаа.

-Өмнөх УИХ-ын үед баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Одоо уг хуульд заасны дагуу Хуульчдын холбоог байгуулж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм хүртэл гарах болж байна. Гэхдээ энэ бүгд зөвхөн энэ салбарынханд хамаатай өөрчлөлт гэж үү?

-Хуульчид бол нийгмийг цэвэрлэх, шударга ёсыг тогтоох үүрэгтэй хүмүүс. Энэ мэргэжлээр хоолоо олж идэж байгаа хүмүүс нийгэмдээ илүү хүндлэлтэй, зөв нэрлэгдэж явах ёстой. Үүний тулд өөрсдөө мэргэжлийнхээ хувьд хүлээх хариуцлага, зарчмаа тодорхойлоод, түүнийгээ мөрдөөд явбал хуульчдад итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Ингэснээрээ шударга ёс, хуулийн засаглал бодит байдал болно. Энэ бол хуульчдын хувьд Үндсэн хуульт ардчилсан нийгмийн үнэт зүйл, хүний эрхийг хамгаалахад оруулж байгаа хувь нэмэр. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль ч үүнд л зориулагдаж байгаа. Хэнийг хуульч гэж тооцох, яаж шалгаруулах юм, хуульч болохын тулд ямар шаардлага хангаж, хуульч болсон хойноо юу хийж болох,  юуг хийж болохгүй юм, энэ хүний ёс зүйд хэн хаанаас яаж хяналт тавих вэ гэх мэтчилэн. Энэ бол зөвхөн “хуульч” гэж нэрлэгдэж байгаа хэсэг хүмүүсийн сайн сайхны төлөө биш. Үүний цаана шүүхээр үйлчлүүлж байгаа, хууль зүйн туслалцаа хэрэгтэй байгаа бүх хүмүүс хожино. Өргөн утгаар нь ярьвал нийгэм бүхэлдээ зөв голдрилдоо орно. Үүний тулд л Хуульчийн хууль, Хуульчдын холбоо, мэргэжлийн өөрөө удирдах ёсны тухай яриад байгаа юм.

-Хуучин хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ гэж нэг хэмжээгүй эрхтэй байгууллага байсан. Одоо хууль нь өөрчлөгдсөн ч нэр нь хэвээр үлдсэн юм шиг байна. Юугаараа өөрчлөгдсөн юм бэ?

-ШЕЗ бол шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүх шүүгч нараас бүрддэг, тэр хүмүүс нь хэргээ шийддэг. Түүний хажуугаар төсөв, цалин хангамж, шүүхийн аюулгүй байдал гээд хэрэг шийдэх, шүүхийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулахад чиглэсэн маш их ажлууд байдаг. Тэр ажлыг шүүхийн захиргаа хийдэг. Гэхдээ шүүхийн захиргаа шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй, шүүгч нарыг даргалдаггүй, шүүгчид заавар зөвлөгөө өгдөггүй. Зөвхөн шүүгчийн үйл ажиллагааг дэмжих, ажлаа хэвийн явуулахад нь туслах үүрэгтэй парлель тогтолцоо байхгүй юу. Үүнийг шүүхийн захиргаа гэдэг. Үүний төв байгууллага нь ШЕЗ. Тэр байгууллагын даргыг хуучин хуулиар Дээд шүүхийн ерөнхий шүүгч хавсарч хийдэг, ШЕЗ-ийн гишүүд нь шүүгч нар байдаг байсан. Үүнээс болоод шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа хоёр нэг болж хутгалдаад, шүүхийн захиргаа шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэдэг хардлага, шүүмжлэл гардаг байлаа.

Шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа хоёр нэг дор байхаар нэг хүнд хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд, үүнийгээ дагаад янз бүрийн шүүмжлэл үүсээд байсан учраас сая үүнийг салгаад шүүхийн захиргааг бие даалгаж, тусдаа орон тоотойгоор байгуулсан. Энэ байгууллага шат шатныхаа тамгын газруудыг удирдаад, шүүхүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаад явах л үүрэгтэй. Ингэхийн тулд шүүгчээр ажиллаж байгаа хүн ШЕЗ-д орохгүй. Хуучин бол орон тооны бус, баахан дарга нарын “набор” л байсан байхгүй юу. Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Хууль зүйн сайд, УИХ-ын нэг гишүүн, Ероөнхийлөгчийн нэг зөвлөх, дээр нь шат шатны зургаан шүүгч ордог. Дандаа ерөнхий шүүгч нар. Үүнийг нь шинэ хуулиар өөрчлөөд, орон тоо, бүтцийг шаардлагатай хэмжээнд нь хүртэл тавьж өгөөд, хөндлөнгийн тусдаа байгууллага болгосон.

-Шинэ хуулиар Хуульчдын холбооны эрх мэдлийг нэлээд тавьж өгсөн юм шиг байна лээ. Яагаад?

-Энэ байгууллага бол нэгдүгээрт гишүүддээ үйлчилдэг байгууллага. Хуульч мэргэжилтнүүдийн сургалт, мэргэжлийн хариуцлага, ёс зүйнх нь асуудлыг хариуцна. Эрх зүйч мэргэжлээр сурсан хүмүүсийг шалгалтыг зохион байгуулж, хуульчийн эрх олгоно. Үүндээ тавигдсан шаардлага, стандартаа хангаж ажиллаж байна уу гэдэгт хяналт тавьж, чадахгүй байна гэж үзвэл эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Товчхондоо хэн хуульч гэдэг нэрийг зүүж, энэ нийгмийн өмнө хуульчийн ажлыг хариуцлагатайтайгаар хийж чадах вэ гэдгийг шийддэг байгууллага. Гэхдээ Хуульчийн холбоо нэг талаасаа гишүүддээ үйлчилдэг байгууллага юм шиг боловч нөгөө талаасаа бол нийтийн эрх зүйн байгууллага. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг ингэж хариуцлагатай, ёс зүйтэй байлгаж чадаж гэмээ нь энэ бол тэдний үйлчилгээг авч байгаа иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явж байна гэсэн үг.

-Тэгвэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр юуг зохицуулдаг юм бэ, хүлээлгэх хариуцлага нь ...?

-Одоо гарах мэргэжлийн дүрэм хуульчид шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах явцдаа ямар дүрэм журмыг баримталж ажиллах вэ гэдгийг стандартыг нь тавьж өгсөн. Үйлчлүүлэгчтэйгээ яаж харьцах, ямар үүрэг хүлээх, ямар шаардлага тавих, түүнийгээ зөрчвөл ямар хариуцлага хүлээхийг нь ч заасан. Хамгийн хүнд хариуцлага нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь түр болон бүр цуцлах. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэггүй, эсвэл баахан хэрэг нэг зэрэг авчихаад олон хүн хохироогоод яваа өмгөөлөгчийг яах вэ, үндэслэл бүхий шийдвэрээ бичдэггүй, асуултаа зөв тавьж чадахгүй байгаа шүүгчийг яах вэ гэдгийг мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр шийднэ. Хэрвээ зориудаар хэрэг буруу шийдсэн, авлигад автсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ энэ энэ нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээхгүй байх шалтгаан болохгүй..

-Өмнө нь Хууль зүйн яамнаас хуульчийн эрх авсан 6000 гаруй хуульч байжээ. Сая 4500 орчим нь шинээр хуульчийн гэрчилгээ авсан байна. Нэг талаас маш олон хүн хуульчаар төгсдөг ч хуульч дутагдалтай байгаа шалтгаан нь юу вэ?

-Хуульчийн эрэлт бол буурахгүй байгаа. Харин тэр эрэлтэд нийцсэн мэргэжил, ур чадвартай хуульч хэд байна вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэг. Эрх зүйч бэлтгэж байгаа боловсролын тогтолцоо, хуульчийг шалгаруулж байгаа сонгон шалгаруулалт маань өөрөө боловсронгуй болж чадахгүй байна аа л гэсэн үг. Хүмүүс хууль хэрэглэх, хүнтэй харьцах, хуулийн зөвлөгөө өгөх чадвартай хуульчийг хайж байна. Гэтэл боловсролын тогтолцоо маань болохоор онол номыг нь үзсэн, хуулиа цээжилсэн голцуу хүмүүс бэлтгээд байна гэж шүүмжлэгддэг. Ингээд нийлүүлэлт нь эрэлттэйгээ авцалдаж өгөхгүй байна. Тиймээс нэг талдаа хуульчид илүүдэлтэй, нөгөө талдаа дутагдалтай байгаад байна. Тиймээс хуульч бэлтгэж байгаа сургуулиуд тэднийхээ хууль хэрэглэх, хүнтэй ажиллах чадварыг нь хардаг, хуульчид нь ч түүндээ илүү суралцдаг болоод ирвэл ажлынх нь зах зээл бэлэн байгаа. Монгол чинь муу ч, сайн ч хөгжиж байна гэж яриад байгаа биз дээ. Энд, тэнд ажил яваад эхлэхээр түүнийг дагаад хуульчийн хэрэгцээ байдаг л байхгүй юу. Үүнийгээ л дагаж явах ёстой.

Б.СЭМҮҮН

488 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax