Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
ГАНБАТ “ЕРӨНХИЙ”
Tweet

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.


Би сэтгүүлч, “Өдрийн сонин”-ы хүн. Харин одоо бол шүүхийн хүн болжээ. Шүүхтэй амьдралаа холбоход минь хөтөлсөн хүн Ч.Ганбат шүүгч байлаа.

1990-ээд оны дундуур “Ардын эрх”-ийн сэтгүүлч жаахан охин анх Улсын Дээд шүүхийн хаалгаар орж ирж билээ. Тэр үед л дуулиан тарьсан хэргийн талаар сонирхохоор зориг гаргаж зүглэсэн нь тэр. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хэмээх хаалганы гадаа Ч.Ганбат шүүгчтэй анх таарсан сан. Намхан нуруутай, нухацтай харцтай тэр хүн  уриалгахан хүлээн авч, асуусан асуултын минь зоригтойг, тэгсэн атлаа ямар ч хуулийн мэдлэггүйг минь гайхан доогтойхон тайлбарлаж өгсөн. Чухам ямар хэргийн талаар асууснаа одоо мартаж. Гэхдээ тэр эрхэм хүний эелдэг хандлагыг харин тов тодхон санаж байна.  Ингэж би түүнтэй танилцсан юм.

Тэр сэтгүүл зүйд дуртай байлаа. Албаны хүн гэхэд яаж яг сэтгүүлч шиг сэтгэдгийг нь гайхмаар. Танай тэр сэтгүүлч сайхан юм бичиж шүү гэнэ. Гоё найруулал, сайхан ярилцлага, өгүүлэлд яг л бидэн шиг “автдаг” байх гэмээр. Сэтгүүлчдэд л байдаг нэг торгон мэдрэмж, эрх чөлөөтэй сэтгэлгээ, бас гайхалтай сайн редактор, хэл зүйн мэдлэгтэй байсныг яана. Бүр сүүлд түүний аав нь аймгийн сонины эрхлэгч байсныг дуулаад сэтгүүлчийн л гэмээр хандлага хаанаас эхтэйг ойлгосон билээ.

Ч.Ганбат шүүгч 1999 онд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдов. Ороо бусгаа л үе байсан санагдана. Чухамдаа тэр надад Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах саналыг тавьсан бөгөөд 2002 оны 1 дүгээр сард би энэ том айлын босгыг алхан эдүгээ хүртэл ажиллаж байна.

Харин энэ үеэс би түүнийг ясны шүүгч юм гэж бодох болсон. Яг үнэндээ Дээд шүүхэд ирсний минь дараа тэр сэтгүүлч байсан шиг минь эелдэг байсангүй. Дургүйхэн зүйлийг нь асуухад дуугарахгүй, зүгээр байгаа байдлаараа л дотоод санаагаа илэрхийлчихнэ.

Өрөөний минь анд асан, өдгөө 90 шахаж яваа М.Чойням гуай нэг удаа “Ганбатыг ганцааранг нь модноос бариад хүлчихсэн юм шиг хүн гээд л шүүмжилдэг. Гэхдээ нэг талаас тэр чинь ясны шүүгч хүний л зан шүү дээ” гэж билээ.

Үнэндээ Ч.Ганбат шүүгч жинхэнэ “хараат бус” хүн байв. Нийцгүй мэт харагдуулдаг тэр зан нь л түүнд ийм “хараат бус” байх эрх чөлөөг олгосон ч байж болох юм. 2004 оны сонгуулийн дараа хоёр ч тойрогт маргаан дэгдэж, чухамдаа тэр л суудлууд засгийн эрхийг хэн барих вэ гэдгийг шийдэх байсан учраас халуухан маргаан өрнөлөө. Хор найруулаад сурчихсан улс төрийн лидерүүд энэ үеэр Ганбат шүүгчийг хоргоож сүйд болсон ч аль ч нам нь юу ч амлаад  үгэндээ оруулж чадаагүй гэлцдэг.

Гэхдээ албан тушаалтанд найр тавьдаггүй энэ эрхэм энгийн ардад энэрэнгүй зөөлөн ханддаг нэгэн байлаа. Дээд шүүхэд ороод удаагүй байхад минь дуудаад хилсээр хэлмэгдсэн нэг эрд хохиролд хэдэн сая төгрөг олгох шийдвэр шүүх гаргасан тухай бичих даалгавар өгөв. Батхишиг хэмээх ядруухан залуу айлд орж цай уугаад гарсныхаа төлөө гэрийн эзэн өвгөний өчнөөн саяын үнэт чулуун хөөрөгний хулгайд хардагдаж. Түүнийг цагдаа дөнгөж байцааж эхэлж байхад нөгөө айл нүүх болж ачаалтал мөнөөх хөөрөг нь шүүгээн дороос гараад иржээ. Гэвч тэд энэ тухай цагдаад мэдэгдсэнгүй, харин Батхишиг өөрийгөө хулгай хийсэн гэж мэдүүлээд шоронд сууж. Даалгасан ёсоор энэ тухай нийтлэл бичин “Өдрийн сонин”-д хэвлүүлчихэв. Бүр сүүлд шүүх хүнийг ингэж хэлмэгдүүлснээ нуусныг нэг сэтгүүлч олоод “Өдрийн сонин”-д биччихсэн байсан гэж хүн ярихыг сонсоод инээд хүрч билээ. Аль ч улсад шүүх алдаа гаргах тохиолдол байдаг. Тийм ээ, шүүх энэ удаад хүн нь хэргээ хүлээгээд байхаар ял оноон алдаа гаргаж, гэвч түүнийгээ өөрийнхөө эрх хэмжээнд л засан залруулж, үүнийгээ ч бас нийтэд мэдээлсэн билээ.

Шат шатны шүүхээс цаазын ял сонссон Завханы Ч.Эрдэнэ-Очир, “Food land”-ын гэх хэргүүдийг чухам түүнийг шүүх байгууллага толгойлж байхад л хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.

Тэр их ардчилсан үзэлтэй, шударга хүн байв. Нэг удаа уулзсан нэр бүхий сургуулийн захирал “Ямар мундаг зоригтой хүн бэ, маш ардчилсан үзэлтэй юм. Би гайхлаа” гэж сэтгүүлчид ярьсныг сонссон. Өөртөө итгэлтэй, чадварлаг, хийгүй хүнд айх юм ховор л байдаг хойно доо.    

Түүнийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байх хугацаанд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж, шүүхийн хараат бус байдлыг хөгжүүлэх, шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлалыг боловсруулж мөрдүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, шүүгчдийг сургах тал дээр томоохон алхмууд хийгдсэн. Гэхдээ энэ их хүний шүүхийн салбарт хийсэн бүхнийг үнэлж дүгнэх нь надад хэтэрхий ахдах байх. Миний мэддэг ганц л чиглэл болох шүүхийг ил тод нээлттэй байлгах асуудалд шинэчлэлийн үрийг тэр суулгасан гэдгийг л ам бардам хэлж чадна.

Тэр гайхалтай тэвчээртэй хүн байв. Саяхан болтол түүний бие муу байсан. Гэвч тэрээр ажилдаа ирсээр л, хэдэн арван хавтас хэргээ уншиж илтгэсээр л, нэгэн үед толгойлж явсан шүүхийнхээ төлөө санаа зовсоор л байсан. Магадгүй түүнээс өөр нэгэн байсан бол биеэ чагнаад гэртээ хэвтэж байх байлаа. Энэ бүхний цаана хэр их сэтгэлийн тэвчээр, тэсвэр байсныг мань мэт нь яахин мэдэх.   

Өнгөрсөн сард шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Ц.Зориг шүүгч нараа дуудаж уулзсаныхаа дараа түүний өрөөнд орж хүндэтгэл үзүүлэн халуун яриа өрнүүлжээ. Энэ үеэр талийгчийн шүүхийн тухай хэлсэн үг одоо ч надад сонсогдож байна гэж Ерөнхий өчигдөр гунигтайхан хэлсэн. Тийм ээ, та цэл залуухан хорин хэдхэн настайгаасаа авахуулаад эцсийн амьсгалаа хураатал Монголын шүүхийн төлөө бодож, сэтгэж, ажиллаж, амьдарч ирж. Бүх амьдралаа зориулсан Монголын шүүх чинь харин өнөөдөр таныг дурсан харуусаж байна.

Хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгов би гэж алдарт найрагч шүлэглэсэн байдаг. Түүн лугаа адил та өөрийн хөдөлмөрөөрөө Монголын шүүхийн, цаашилбал төрийн түүхэнд өөрийн дурсгалаа мөнхлөн үлдээжээ. Эрхэм ах минь, эх орныхоо хөрс шороонд тайван нойрс доо.  

                                                                                                Р.ГАНПҮРЭВ

1618 уншигдсан.